Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан "Шүүхийн мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалт 2017 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад бүх шатны шүүхийн мэдээллийн технологийн нийт 54 мэргэжилтнээс 40 нь танхимаар, 14 нь онлайнаар хамрагдлаа.
Жил бүр зохион байгуулдаг энэхүү сургалтад энэ жилийн хувьд Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтнүүд шүүхэд ашиглагдаж буй систем болон нэгдсэн сүлжээ, техник хангамжийн хэвийн үйл ажиллагааны чиглэлээр хичээл заасан юм.
Түүнчлэн Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг "Шүүхийн цахим хуудасны үр дүнтэй ашиглалт”, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн С.Анужин "Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого, өнөөгийн байдал” сэдвээр тус тус лекц уншив.
Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Х.Сувдаа "Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт, цахим гарын үсэг нэвтрүүлэх эрх зүйн орчин”, Хууль зүй дотоод хэргийн яамны цахим нэгтгэл төслийн мэргэжилтэн Б.Ганчимэг "Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн ашиглалт”, Монпасс ХХК-ны захирал Т.Халтар "Тоон гарын үсгийн хэрэглээ, цахим халдлагад хариу үйлдэл үзүүлэх нь” сэдвээр тус тус хичээл зааж шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдлэгийн хүрээг тэллээ.
Сургалтаар шүүхийн мэдээллийн аюулгүй байдал, түүнийг хангаж ажиллах онол, практикийн мэдлэг олгох, эрх зүйн зохицуулалт, тоон гарын үсэг, эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн ажиллагаа анхаарах асуудал, шүүхэд ашиглагдаж буй програм, техник хангамж, сүлжээг үр нөлөөтэй хэрэглэх зэрэг өдөр тутам ашигладаг системүүдийн талаар нэгдмэл ойлголтод хүрсэн нь чухал ач холбогдолтой байлаа.
Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс