Намайг Сэрээгийн Батдэлгэр гэдэг. Өвөрхангай аймгийн Есөнзүйл зүйл суманд 1987 оны 06 дугаар сарын 24-нд төрсөн. Одоо 50 настай. Би хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань тооцогдохгүй байгаа. Ийм учраас шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
Энэ шүүхээр үйлчлүүлэхэд маш таатай байна. Өмнө нь шүүх гэхээр хүмүүс их цэрвэдэг байсан. Харин одоо орчин нөхцөл, ажилчид албан хаагч нар шүүхээр үйлчлүүлж байгаа бүх иргэдтэй эелдэг сайхан харьцаж байгаа нь маш сайхан санагдаж байна. Тэр тусмаа шүүх гэдэг бол захирч зандардаг байгууллага биш, жинхэнэ үйлчилгээний байгууллага болсон байна гэж бодож байна. Цаашид энэ хэвээр ажиллах хэрэгтэй. Миний насны хүмүүсийн хувьд аливаа зүйлийг нүдээр харж байж итгэдэг болсон байдаг. Тиймээс би одоо шүүхийн шинэчлэлийг нүдээр харж сууна. Мөн шүүх хуралдааныг коридорт байгаа дэлгэцээр нээлттэй харуулдаг болсон байна. Энэ нь шүүх шинэчлэгдэж, илүү нээлттэй ил тод болсон байгааг харуулж байна.
Миний хувьд өмнө нь шүүхээр үйлчлүүлж байгаагүй. Харин хүмүүсийн амнаас дам сонсож айдас хургадаг байсан. Гэхдээ энэ байдал алга болсон байна. Мөн шүүхийн байрыг маш сайхан тохижуулж зассан байна. Шүүхээр үйлчлүүлэхэд орчин нөхцөл сайхан болсон байна.
Зарим байгууллагаар үйлчлүүлэхэд хөдөөний хүн юу мэдэх вэ мэтээр бодож харьцаж байдаг. Гэтэл энэ шүүхээр үйлчлүүлэхэд ийм асуудал тулгараагүй. Бүгд надтай эелдэг харьцаж байна. Үүднээс эхлээд шүүх хурал орох хүртэл бүгд таатай харьцсан.