2017.05.22 Хархорин
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шүүхийн ил тод байдал, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг талаар иргэд олон нийтээс талархлыг үгс олон ирдэг бөгөөд энэ удаад Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Мядагмаа шүүхийн шинэтгэл болон шүүхийн захиргааны ажилчдын мэдлэг чадвар, харилцаа хандлага түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн талаар өөрийн сэтгэгдлээ бидэнд хуваалцсаныг та бүхэнд хүргэж байна.
МЛМэргэжилтэн Ц.Хонгорзул: Сайн байна уу. Та өөрийгөө товчхон танилцуулна уу?
Өмгөөлөгч С.Мядагмаа: Сайн. Сайн байна уу. Намайг С.Мядагмаа гэдэг. Би 2010 оноос хойш Өвөрхангай аймгийн Хархорин суманд өмгөөлөгчөөр ажиллаж байна. Шүүхийн шинэтгэл болон хууль эрх зүйн салбарын шинэтгэлийг нүдээр харж, салбар маань хөгжлийн замдаа орж олон олон ажлууд амжилттай хийгдэж байгааг харахад сайхан байдаг.
МЛМэргэжилтэн Ц.Хонгорзул: Та шүүхийн шинэтгэлийн талаар өөрийн санал бодлоо хуваалцана уу?
Өмгөөлөгч С.Мядагмаа: Намайг анх өмгөөлөгчөөр ажиллаж эхлэхэд шүүх ийм ил тод, нээлттэй байгаагүй. Хүмүүс онцгой ажиллагааны хэрэг шийдвэрлүүлэх гэж шүүхэд ирэхдээ л шүүхээс эмээдэг байсан. Харин шүүхийн шинэтгэл хийгдснээр шүүх ил тод, нээлттэй болж иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн. Өмнө нь шүүх хуралд нотлох баримт шинжлэн судлахдаа хэргээ дундаа дамжуулах, хуудас хуудсаар нь эргүүлэх зэрэг хугацаа шаардсан төвөгтэй байдаг байсан бол одоо шүүх хуралд нотлох баримт шинжлэн судлах техник тоног төхөөрөмжтэй болсноохр хэрэг шийдвэрлэх хугацаа түргэн шуурхай байдаг болсон.
Мөн давж заалдах шатны шүүх хуралд хэргийн оролцогчийн хамтаар онлайнаар холбогддог болсон байгаа нь хэргийн оролцогчдыг эдийн засаг, цаг хугацааны хувьд хэмнэж мөн давж заалдах шатны шүүх хуралд хэргийн оролцогчид өөрсдөө очоод оролцож байгаа мэт ямар ч гацалт зогсолт байхгүй дуу дүрсний өндөр чанартайгаар анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх болон бусад аймаг, сум дундын шүүхүүдэд шүүх хуралдаанд оролцдог болсон.
Түүнчлэн шүүх хуралд шүүгчийн аюулгүй байдлыг хангаж цагдаа суудаг болсон байгаа нь шүүх хуралдаа дэг журамтай явагдах болон шүүгчээс гадна хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг давхар хангаж байдаг.
МЛМэргэжилтэн Ц.Хонгорзул: Таньд баярлалаа. Та манай шүүхийн захиргааны албан хаагчдийн мэргэжил ур чадварын талаарх санал бодлоо хэлнэ үү?
Өмгөөлөгч С.Мядагмаа: Шүүхийн захиргааны ажилчид ихэнх нь залуу үеийнхэн байдаг. Хэдийгээр залуучууд ажил мэргэжилийн туршлага байхгүй байж болох ч тус шүүхийн ажилчид мэргэжил ур чадвар маш сайн гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэдэг. Учир шүүх хурлын бэлтгэл ажил болон шүүн таслах ажиллагаагаа шүүгчийн даалгаснаар цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай гүйцэтгэж чаддаг. Мөн харилцаа хандлага сайтай аливаа зүйлд эерэг хандлага сайтай байдаг гэж боддог.
МЛМэргэжилтэн Ц.Хонгорзул: Таньд маш их баярлалаа. Та шүүхээр үйлчлүүлэх хугацаандаа нийт хэдэн удаа онлайн хуралд оролцсон бэ?
Өмгөөлөгч С.Мядагмаа: Би нийт 4 удаа давж заалдах шатны шүүх хуралд онлайнаар оролцож байсан. Ингэхдээ шүүгдэгч нарын хамт оролцож байсан бөгөөд Давж заалдах шатны шүүхэд өөрсдөө очиж оролцсон бол замын зардал мөнгөнөөс эхлээд миний үйлчлүүлэгчид төлбөр төлөх асуудал гарах байсан ч онлайнаар шүүх хуралд оролцсноор үйлчлүүлэгчид маань илүү зардал гарахгүй байгаа нь маш авууштай санагддаг.
МЛМэргэжилтэн Ц.Хонгорзул: Манай шүүх засвар үйлчилгээний ажил хийгдсэн байгаа. Энэ талаар таны сэтгэгдэл?
Өмгөөлөгч С.Мядагмаа: Энэ оны 4 сараас эхлэн шүүх маань өөрийн байрны 1 давхарт засварын ажил хийгдэж эхэлсэн. Засвар хийгдснээр урьд нь байсан зай талбай ихсэж, өнгө үзэмжтэй, иргэдэд үйлчлэх цэг нь маш ойлгомжтой зохион байгуулалттай болсон. Мөн шүүгчийн туслахууд бүгд 1 давхартаа байрлаж иргэдэд үйлчилгээ үзүүлж мөн шүүх хуралдааныг 1 давхарт дэлгэцээр шууд дамжуулж байгаа нь шүүх иргэддээ илүү нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх гол нөхцөл нь болж байгаа гэж бодож байна. Энэ мэтчилэн олон сайхан ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа танай шүүхийн хамт олон болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлд талархалаа илэрхийлмээр байна.
МЛМэргэжилтэн Ц.Хонгорзул: Таньд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.
Өмгөөлөгч С.Мядагмаа: Та бүхэнд ч бас маш их баярлалаа. Ажлын амжилт хүсэн ерөөе.
Ийнхүү бидний ярилцлага өндөрлөж өмгөөлөгч маань дараагийн шүүх хуралдаа оролцохоор явсан юм. Шүүхийн шинэтгэлийн талаарх иргэдээс ирж буй талархалын үгсийг та бүхэндээ дахин дамжуулах болно. Баярлалаа.