Шүүхийн Тамгын газрын дарга нарт зориулсан сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Сургалтад Монгол улсын нийт шүүхүүдийн тамгын газрын дарга нар хамрагдаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Энэхүү сургалт нь удирдах ажилтны мэргэшил, мэдлэг чадварыг дээшлүүлэх, Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой шүүхийн менежментийг бий болгох, хэрэгжүүлэх зорилготой” болохыг онцолсон юм. Сургалтын эхний хичээлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ичинхорлоо "Хэргийн хөдөлгөөний удирдлагыг төлөвшүүлэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, "Иргэн-2014” нэгдсэн системийг хэрэгжүүлэхэд Шүүхийн тамгын газрын даргын үүрэг” сэдвээр зааж байна.
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү нар хэргийн хөдөлгөөнийг удирдах арга зүйн тохиолдол дээр ажиллаж, туршлагаасаа хуваалцана. Сургалтын үеэр хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэх мэдлэг чадварын шалгалтыг нийт шүүхийн Тамгын газрын дарга нараас авах юм. Түүнчлэн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн шинжээч Ж.Буджав "Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийг хэрэглэхэд Шүүхийн тамгын газрын оролцоо” сэдвээр хичээл заах бол Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Д.Мөнхтуяа "Эрүүгийн хэргийн хөдөлгөөнийг удирдахад Тамгын газрын даргын анхаарах асуудал, журмуудын хэрэгжилт”-ийн талаар танилцуулна.
Сургалт маргааш үргэлжлэх бөгөөд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь "Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга” сэдвээр, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир "Шүүхийн захиргааны удирдлага ба шүүхийн менежмент” сэдвээр тус тус хичээл заана. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа "Хэргийн хөдөлгөөний удирдлагыг төлөвшүүлэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр Тамгын газрын дарга нарт хичээл заах юм.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс