Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулж, ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, 2010 оны дөрөвдүгээр сарын 14-нд баталж хэрэгжүүлэх ажлын шанг татсан МУ-ын Гавьяат хуульч асан Б.Чимэд, мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Тэмүүжин нарыг ачааны хүндийг үүрч, ажлын ихийг нугалсныг чуулганы индрээс зарлалаа. Эдгээр эрхмүүдийг урьд өмнө шүүхийн түүхэнд байгаагүй өөрийн гэсэн зам мөрөөр урагшилж яваа өнөөдрийн шинэтгэлийн "авторууд” ч гэж тодотгож болох юм.
Монгол улсын шүүх өнөөдөр шүүн таслах ажиллагаа, шүүхийн захиргаа хоёроо тусгаарлан, ил тод, нээлттэй болж, шүүгчийн хараат бус байдалд гарсан томоохон ахиц дэвшлүүд тэдний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлснээр мэргэжлийн үнэ хүнд нь өндөрт тавигдаж, хуульчдын өрсөлдөөн бүрэн утгаараа энэ салбарт бий болсныг Ерөнхийлөгч "Шүүхийн шинэтгэлийн чиглэлээр бидний төлөвлөсөн төлөвлөгөө талдаа ч ороогүй, маш их ажил хүлээж байна. Цаашид маш их ажил хийгдэнэ. Монголд хуульч гэдэг мэргэжлийг тодорхой шалгуур, үүрэг хариуцлагатай болгосон. Хууль шүүхийн шинэчлэлийн зорилго албан тушаалтны засаглал биш хуулийн засаглал тогтоход оршиж байгаа. Энэ үйл ажиллагаа хойшид ч хийгдэх ёстой. Ийм сорилттой Монголын ард түмэн байнга тулгарах болно” хэмээн мэдэгдлээ.
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэх ажлууд цаашид ч тасралтгүй үргэлжлэх бөгөөд хуулийн засаглалыг бүрэн дүүрэн бэхжүүлэх үйлс урт замыг туулж, олон түмэн хяналт тогтоож чадах нийгмийн төлөө төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ хэрэгжилтийн хүч, цагийг зарцуулсан,зогсолтгүй зарцуулахаа ч ийнхүү тодотголоо.
Ш.Отгон
Эх сурвалж: Өдрийн сонин 2015.04.15 № 094 (5046)