Нүүр хуудас > Шүүхийн шийдвэрийн тойм > Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн тойм


11-05-2024, 16:19. Зохиогч: admin

Шүүхийн шийдвэрийн тойм: 2024.05.16, Дугаар 03

Шийтгэвэр: 2024.04.08, Дугаар 2024/ЗШ/183

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 ж-д зааснаар жолооч нь ж/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах үүрэгтэй.

Зөрчлийн тухай хуулийн 2.1-д зааснаар Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.

Холбогдогч О.О нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдогчид шийтгэл оногдуулав.

Холбогдогч О.О-г жолооч согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчлийг гаргасанд тооцож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Хураангуйг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа


Бусад