Нүүр хуудас > Шүүхийн шийдвэрийн тойм > Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн тойм


10-05-2024, 16:18. Зохиогч: admin

Шүүхийн шийдвэрийн тойм: 2024.05.14, Дугаар 02

Шийтгэвэр: 2024.04.10, Дугаар 192

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс холбогдогч У.У-г 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хужирт сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл жолоодсон зөрчилд зөрчлийн хэрэг нээж , хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, түүнд холбогдох зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1а-д зааснаар механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна.

Мөн дүрэмд зааснаар мотоцикл нь хөдөлгүүрийн ажлын багтаамж буюу чадал, эсвэл техникийн дээд хурд нь мопедынхоос илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл.

Мөн 3.7а-д Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

Зөрчлийн тухай хуулийн 2.1-д зааснаар Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаа хуульчилсан.

Холбогдогч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд шүүх хуралдаанд холбогдогч өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэжээ.

Иймд холбогдогч У.У тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг зөрчилд тооцож , Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Хураангуйг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа


Бусад