Нүүр хуудас > Шүүхийн шийдвэрийн тойм > УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГААС ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ЗАГАС БАРЬЖ БОЛОХГҮЙ
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГААС ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ЗАГАС БАРЬЖ БОЛОХГҮЙ31-01-2023, 14:30. Зохиогч: admin |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №2022/ШЦТ/124 шийтгэх тогтоол
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн Б нь найзуудын хамт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд аялах зорилгоор ирж, Бат-Өлзий сумын 2 дугаар баг "Хүрэм” гэх газар нутгаар урсаж байгаа Орхон голоос зөвшөөрөлгүйгээр 18 ширхэг зэвгэ загас, 2 ширхэг хадран загас барьжээ. Тухайн газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдах бөгөөд Эрүүгийн хуульд зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас иргэн Б-г уг гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүхээс Б-г улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьж хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Б-ийн зөвшөөрөлгүйгээр барьсан 20 ширхэг загасны эдийн засгийн үнэлгээ нь 314 000 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба Байгаль орчныг хамгаалах тухай хуульд амьтны аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу хохирлыг 628 000 төгрөг гэж тогтоосон байна. Эрүүгийн хуульд зааснаар иргэн Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан загасны уургыг устгахаар шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа Бусад |