ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ


Монгол улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-аас . . .

 

 

85 дугаар зүйл. Шүүхийн Тамгын газар

     85.1. Шүүх нь Тамгын газартай байна.

     85.2. Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.

     85.3. Шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.

     85.4. Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл тогтооно.

     85.5. Шүүхийн Тамгын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.


 

86 дугаар зүйл. ШүүхийнТамгын газрынчиг үүрэг

     86.1. Шүүхийн Тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

          86.1.1. энэ хуулийн 71, 72, 73, 74, 75 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

          86.1.2. шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

          86.1.3. шүүхийн хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд хяналт тавих;

          86.1.4. шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;

          86.1.5. шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;

          86.1.6. шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээг авах;

          86.1.7. хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх;

          86.1.8. тухайн шүүхийн шүүн таслах болон бусад ажиллагааны тоон мэдээлэл гаргах;

          86.1.9. иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх;

          86.1.10. хуульд заасан бусад.

     86.2. Шүүх хуралдааны тэмдэглэлийг мэдээллийн технологи ашиглан хөтөлж болно.


87 дугаар зүйл. ШүүхийнТамгын газрын даргынбүрэн эрх

     87.1. Шүүхийн Тамгын газрын даргадараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

          87.1.1. шүүхийн Тамгын газрыг өдөр тутмын удирдлагаар хангах;

          87.1.2. шүүхийн Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх;

          87.1.3. шүүхийн Тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах;

          87.1.4. шүүхийн Тамгын газрын ажлын тайланг тухайн шүүхэд танилцуулах;

          87.1.5. хуульд заасан бусад бүрэн эрх.

     87.2. Шүүхийн Тамгын газрын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.

     87.3. Шүүхийн Тамгын газрын даргын бүрэн эрхийг Ерөнхий шүүгч болон шүүгч хэрэгжүүлэхийг хориглоно.


88 дугаар зүйл. Шүүхийн захиргааны ажилтан

     88.1. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн Тамгын газрын ажилтан нь шүүхийн захиргааны ажилтан байна.

     88.2. Шүүхийн захиргааны ажилтан дараах шаардлагыг хангасан байна:

          88.2.1. Монгол Улсын иргэн байх;

          88.2.2. Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан болзол, шаардлагыг хангасан байх;

          88.2.3. эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

          88.2.4. хуульд заасан ёс зүйн шаардлагыг хангасан байх;

          88.2.5. тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, боловсрол, туршлагатай байх.


 

89 дүгээр зүйл. Шүүгчийн туслах

     89.1. Шүүгч туслахтай байх бөгөөд шүүгчийн туслах эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна.

     89.2. Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 89.1-д зааснаас гадна хэрэг, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой судалгаа хийх чиг үүрэг бүхий гурав хүртэл судлаач туслахтай байх бөгөөд судлаач туслах нь хууль зүйн магистраас дээш зэрэгтэй, харьцуулсан эрх зүйн судалгаа хийх чадвартай байна.

     89.3. Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

          89.3.1. шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах;

          89.3.2. хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх;

          89.3.3. шүүгчийн үйл ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх;

          89.3.4. хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай хууль тогтоомжийн талаар болон бусад мэдээлэл бэлтгэх зэргээр шүүгчид туслах;

          89.3.5. хэргийг товьёглон хөтлөх;

          89.3.6. тодорхой хэрэг, маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах;

          89.3.7. шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох;

          89.3.8. шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах;

          89.3.9. улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн эсэхийг хянах;

          89.3.10. хуульд заасан бусад.

     89.4. Шүүгчийн туслахаар гурваас доошгүй жил ажилласан бол анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй.


 

90 дүгээр зүйл. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

     90.1. Шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажиллана.

     90.2. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааныг даргалагчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

          90.2.1. шүүх хуралдааны техник, зохион байгуулалтын бэлтгэлийг хангах;

          90.2.2. шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх;

          90.2.3. шүүх хуралдааныг дууны, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах;

          90.2.4. шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн оролцогчид хуульд заасны дагуу танилцуулан, шүүгчээр баталгаажуулж, хэрэгт хавсаргах.


 

91 дүгээр зүйл. Шүүхийн захиргааны бусад ажилтан

     91.1. Шүүхийн зохион байгуулалт, мэдээлэл зүйн болон аж ахуй, санхүү, архив, бичиг хэргийн ажил, аюулгүй байдал, техникийн үйлчилгээ зэргийг хариуцсан шүүхийн Тамгын газрын ажилтны чиг үүргийг Ерөнхий зөвлөл тогтооно.

     91.2. Шүүхийн захиргааны ажилтан энэ хуульд заасан чиг үүргээс гадна хэрэг, маргаан хянан шийдвэрлэх холбогдох хуульд заасан тусгай эрх, үүрэг болон төрийн захиргааны албан хаагчийн хувьд төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

     91.3. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.

Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд